МУ-ын Алдарт уяач Бараатын Цэрэндагва Дуу хуурын өлгий Дундговь аймгаас төрөн гарсан Алдартуудын талаар товчхон өгүүлэхэд


1920 оны бичин жил Дундговийн Адаацаг сумын нутаг дахь Бага газрын чулуу бүр тодруулбал Шавийн хонхорын баруунтаа Үйлстийн хар овоо хэмээх бууцнаа мэндэлсэн Дорждуламын ганц хүү энэ удаагийн маань нийтлэлийн гол эзэн. Хүний ганц хүү гэхдээ эрх нь дэндэж аргаа эвдсэн нэгэн байсангүй. Ухаан орсон цагаасаа ээжийнхээ гал хөлийн үзүүрт зарагдан, мал хуй эргүүлж явахдаа хүй цөглөсөн бууцных нь зүүн хойд талд дүнхийх БаянБараат хайрханаас сүрдэсхийн сүсэглэдэг байжээ. Тиймдээ ч эрийн цээнд хүрч гэр бараа таслахдаа нутгийн хайрханы нэрээр овоглох болж хожмоо МУ-ын Алдарт уяач Бараатын Цэрэндагва хэмээн цоллуулах болсон юм.
Б.Цэрэндагва Алдартыг уяачийн замд хөтөлсөн хүн бол түүний нагац ах “Халзгай” хэмээх Цэнд. Ганц Цэнд ч биш ер нь түүний ээжийн талынхан моринд хорхойтой сайн ч адуутай хүмүүс байсан гэдэг. Халхын алдартай гурван баяны нэг хэлмэгдэлтийн үеэр 33 азарга адуу хураалгаж байсан гэгддэг Шадав мөн л ээжийнх нь талын хамаатан. Газар газрын хурдыг цуглуулсан Шадав баяны адуу сүргийн эрийг нь фронтод, эмийг нь Жаргалантын морин заводод явуулсан тухай учир мэдэх нутгийнхан ярьдаг. Ийнхүү нагац нарынхаа хурдан морьдыг унаж өссөн Цэрэндагва хүү 16-17 хүрмэгц өөрөө бие даан морь уяж орон нутгийнхаа наадамд наадах болов.
Удалгүй эх орны дуудлага ирж 1939 онд цэргийн албанаа татагдлаа. Халх голын дайны үе байсан хэдий ч адуунд эрэмгийг нь мэдсэн дарга нар нь армийн агтыг хариуцуулж адуучин болгов. Исгэрэх сум тэсрэх бөмбөгтэй галын эгнээнд биш ч арын албаа онц дүнтэй хаасан тэрээр 1946 онд цэргээс халагдаж ирээд зэргэлдээ сумын сэтгэлт бүсгүйтэйгээ дэр нэгтгэв. Гэргий нь айлын хоёрхон хүүхдийн нэг насан өндөр ээжтэйгээ амьдардаг байсан тул тэрээр малаа сумандаа нийгэмчлээд гэргийнхээ нутаг Дэлгэрцогт суманд шилжин очин суурьшжээ.
Б.Цэрэндагвынх долоон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Гэрийн эзэн хүдэр эр халуун дулааны улиралд өөрийн хэдэн малаа маллаж, харин хүйтэн сэрүүний улиралд тэр хавийнхныхаа адууг бөөгнүүлээд оторт гарна.1951 оны өвөл гурвуул хүний өөрийн нийлсэн 5000-гаад адуу оторлож явсан тухайгаа бахдан ярих дуртай. Ингэж явахдаа одоогийн Төв аймгийн Лүн сумын нутгийн нэгэн баяныд хоноглосон гэдэг. Баян Чойжил хэмээгддэг тэр эр адуунд дуртай нэгэн байсан учир оторчин залуус нэг шөнийг адуу ярин хийморь даллаж өнгөрөөснөө, мөн хожим олон жилийн дараа эртний нөхөртэйгээ таарсан тухайгаа Б.Цэрэндагва хуучлах дуртай байжээ.
Б.Цэрэндагва Алдартыг мэдэх нутгийн хөгшчүүд илүү дутуу зангүй, олон таван үггүй ёстой нөгөө хээгүй гүдэсхэн эр хүн байсан хэмээн тодорхойлдог. Хөвгүүд нь ч гэсэн үүнийг нь баталж “Нээрэн ч барагтай бол дуугараад байхгүй. Унагасан ганц үг нь нэгийг бодогдуулсан сургамж болдог хүн байсан даа” хэмээн хуучилсан юм.
Дуу хуурын өлгий нутагт хүй цөглөсөн Алдарт уяач “Түмэн эх”-ийг тун чиг эвтэйхэн шуранхайлна. Айргийг тааваараа ууж, аравдаж дэмбээдэхдээ бас ч шаггүй. Ямартаа л нутагтаа дууч хэмээгддэг Улаан нэгэн өдөр ирж “Маргааш хоёулаа айл хэснээ. Чи уу, би дуулъя.” хэмээж. Маргааш өглөө нар бүлээссэн хойно гарсан хоёр хэд хэдэн айлаар бууж Улаан гурав дуулж, харин Цэрэндагва тэр тоогоор хултай айргийг залгилж явлаа. Бага үд өнгөрөөгөөд гэрийн зүг жолоо залахдаа Улаан “Чамайг хэр уудаг юм бол гэж тандсан юм. Тэгсэн 36 хулыг уулаа. Санасныг бодвол овоо юмаа” хэмээсэн гэдэг.
Б.Цэрэндагва Алдартын өөр нэгэн давуу тал нь адуунд эрэмгий уургач. “Сунгасан уургаа алддаггүй, уургалсан адуугаа тавьдаггүй л хүн байсан” хэмээн хүү Ц.Цэрэнбалт нь бахдан өгүүлсэн юм. Гэхдээ нэг сул гэмээр талтай. Тэр нь гэрийн бараа харах нь барагтай.
Хөтөлгө морьтой гараад явсан бол заримдаа сарын дараа ирэх нь ч бий. Ирэхдээ ганзага хоосон ирэхгүй. Тэндэхийн тэрний тийм угшлын адуу гээд л нэг үрээ эсвэл байдас хөтөлчихсөн ирнэ. АХ-ын 60 жилийн ойгоор ирж уралдаад буцахдаа Дорноговь аймгийн харъяат “Онгой” Адилбиш гэгчээс нэг хүрэн гүү авчээ. Тэр гүүнээс гарсан хар унага хожмоо их олон айраг түрүү авчирсан гэдэг.
Уншигч танд сонирхуулан өгүүлэхэд Адилбиш гэгч хонгор зүстэйгээ болгоноо “Зул”, саарал зүстэй болгоноо “Сөөнөн” хэмээн нэрийддэг. Наранзул, Өндөрзул гэх мэт таван хонгор , Сөөнөн хэмээх гурван саарал азаргатай нутаг орондоо хурдаараа гайхагдсан хүн байсан гэдэг. Б.Цэрэндагвын алдарт хурдан хар азарга бол Зул азаргануудынх нь төлийнх нь төл юм.
Ийнхүү газар газраас цуглуулсан хурдан буянгуудаар адууныхаа цусыг сайжруулсан Б.Цэрэндагва 1997 онд 3 түрүү 15 айргийн амжилтаар МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм.
МУ-ын Алдарт уяач Цэрэндагвын Хүүхэнбаатар
Б.Цэрэндагва Алдартынх долоон хүүхэдтэй хэмээн дээр дурьдсан. Тэдний хамгийн ахмад нь буюу ууган хүү Ц.Хүүхэнбаатар нь эцгийн шийрийг хатаасан уяач юм.
Ц.Хүүхэнбаатар эмээ өвөөгийн хүүхэд. Тэрээр ээжийнхээ аав ээж дээр өсөж, өвөөгийнхөө уясан морьдыг унадаг байжээ. Өвөөгийнх нь уясан болгон шахуу айрагддаг нутаг орондоо шаггүй уяачид тооцогддог нэгэн байв. Тиймдээ ч байсхийгээд л бооцоонд уралдаанд оролцож хийморио сэргээх дуртай байжээ. Ямартаа л нэгэн удаа “хорин хэдэн адууг бол хөтлөөд явчихаж болдог. Харин хорин хэдэн гутлыг бол яагаад ч авч явж чаддаггүй юм билээ” хэмээн хуучилж суусан гэдэг.
Тэр хавийн моринд дуртай эрчүүд байсхийгээд л бооцоо тавин морь уралдуулдаг байсан бөгөөд ихэнхдээ 20-иод тооны адуу уралддаг . Тэгээд түрүүлсэн хүн нь бооцоогоо авдаг байжээ. Алдартын өвөө хэд хэдэн удаа мөрийгөө авч байсан бөгөөд өмссөн гутлаараа бооцоолсон уралдаанд түрүүлчихээд хорин хэдэн хос гутал авч явах гэж хэрдээ хөглөсөн хэмээн хуучилдаг байсан гэдэг.
Өвөөгөөсөө уяаны эрдмийн А үсэг заалгаж, нагац ах Нямынхаа морьдыг унадаг байсан Ц.Хүүхэнбаатар Алдарт уг нь жолооч мэргэжилтэй. Яаж ийж байгаад 6-р сарын 10-даас нэг их хэтрэлгүй амралтаа аваад л морины ажилдаа орно. Тэр болтол нь аав дүү нар нь уях адууных нь хөндүүрийг гаргаад бэлдчихсэн байдаг байж.
Ц.Хүүхэнбаатар аавынхаа хамтаар АХ-ын 54 жилийн ойгоор анх удаа улсын наадмаар уралдсан бөгөөд 1988 онд хар соёолон үрээ нь айргийн тавд хурдлан төрийн наадмаас анхны айргаа хүртэж байжээ.
Түүнээс хойш тэрээр улс бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг жижиг наадмуудаас олон зуун айраг түрүү хүртсэн юм. Ц.Хүүхэнбаатар Алдарт аавынхаа бий болгосон угшил сайт адуугаар нааддаг байсан бөгөөд хөвгүүд нь эцгийн шийрийг хатаан хурдан хүлгэдээ уяж сойж байна.
МУ-ын Алдарт уяач Цэрэндагвын Цэрэнбал
Уясан хүлгэдээ төрийн наадамд айрагдуулж түрүүлгэсэн удам дамжсан уяачдын тэр дундаа Б.Цэрэндагвын гэр бүлийн гурав дахь гишүүн бол түүний дөрөв дэх хүү МУ-ын Алдарт уяач Ц.Цэрэнбал юм.
Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадам буюу АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд их насны морь түрүүлгэсэн тэрээр багын л хурдан моринд дуртай хүүхэд байсан бөгөөд 12 настайдаа сургуулиа орхин аавдаа туслах болжээ. Ц.Цэрэнбал цэрэгт явах хүртлээ уяаны эрдэмд шамдан суралцах болсон бөгөөд халагдаж ирсэн жилээ буюу 1975 оны зун 7-р сарын 21-нд болсон “Адуучид үхэрчдийн зөвлөгөөн”-ий нэрэмжит уралдаанд өөрийн хар даагаа айргийн гуравт хурдлуулж хөл нь газар хүрэхгүй хөөрч байсан гэдэг. Эзэндээ анхны айргийг нь авчран магнай тэнийлгэж асан хар даага хожим нь “Их ногоон” хэмээх хурдан азарга болсон бөгөөд олон айраг түрүү хүртжээ. Цэргээс ирээд удаагүй залуухан хархүү дараа жилийнхээ сумын наадамд /1976 онд/ их морь, даага түрүүлгэж нутгийн хөгшдөөс урмын үг сонсох болов.
Ийнхүү сум орон нутагтаа дориун сайн наадах болсон тэрээр төрийн наадмын анхны хишгээ 1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд зохиогдсон Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадамд хүрэн азаргаа тавлуулж, хүрэн даагаа дөрөвлүүлэн
хүртсэн юм. Харин улсын наадмын анхны айргаа 1996 онд бор хязаалан үрээгээ гуравт хурдлуулан хүртсэн бөгөөд жилийн дараа хар буурал даагаа дөрөвт хурдлуулж байжээ. Ц.Цэрэнбал Алдартын амжилтын буухианд 1997 онд Дундговь аймагт зохиогдсон Зава Дамдинд мандал өргөх Даншиг наадам томоохон үүрэг гүйцэтгэдэг. Учир нь тэрээр энэ наадамд хүрэн азарга болон соёолон бор үрээгээ түрүүлгэж бахтай сайхан наадсан юм.
Аавын шийрийг хатааж, ахын урмыг тэтгэсэн Алдарт 2003 онд зохиогдсон “ГовьШанхын хурд-2” бүсийн уралдаанд хар буурал азаргаа дөрөвт хурдлуулжээ. /1997 онд улсад айрагдаж байсан хар буурал даага нь/
Унаган адуугаар наадах уяачийн бас нэгэн бахдалыг сайн эцгийн буянаар мэдэрч яваа Ц.Цэрэнбал Алдарт Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ой болон Зава Дамдинд мандал өргөх Даншигт түрүүлж айрагдсан хүрэн азарганых нь төл хонгор морио 2006 оны “Нүүрэнтэйн хурд”-д түрүүлгэж, 2007 оны “Нүүрэнтэйн хурд”-д тавуулж байсан юм. Удамт хурдан хонгор морь “Дүнжингаравын хурд -2008” уралдаанд айргийн гуравт хурдалж, хэдхэн хоногийн дараа “Авзага Дүнжингаравын хурд” бүсийн наадамд аман хүзүүдэ? байсныг хурдан морь сонирхогчид санаж байгаа байх. Түүнчлэн 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон Их мандал бүсийн наадамд Алдартын соёолон зээрд үрээ аман хүзүүдэж амжилтын буухиад нь түрлэг нэмсэн юм.
Ийнхүү улс бүсийн наадмаас 2 түрүү, 8 айраг хүртсэн тэрээр 2002 онд хоёр түрүү, хоёр айргийн амжилтаараа МУ-ын Алдарт уяач цолыг хүртэн Монголын хурдан морины түүхэнд аав хүү, ах дүү Алдартууд гэх нэгэн шинэ амжилтын эзэд болсон юм.
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 5 сар № 16
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.70.34.115
baraatiin tserendabga guai olnii hair hundleliig datsan egelgui erhem olnii ah bolson saihan hun baisan da
Reply